Төрүүлж, өсгөсөн хүүхдийн тоогоор улсад ажилласан жил, нийгмийн даатгал төлсөн жилийг нь 1.5 жилээр нэмэгдүүлэн тооцдог болно. УИХ-ын чуулганы өчигдрийн хуралдаанаар батлагдсан Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуульд ийнхүү заажээ.
Тухайлбал дөрвөн хүүхэд төрүүлж өсгөсөн ээжийн улсад ажилласан болон нийгмийн даатгал төлсөн жил дээр зургаан жил нэмэгдэж тооцогдоно. Хэрэв зургаан хүүхэд төрүүлж өсгөсөн бол улсад ажилласан болон нийгмийн даатгал төлсөн жил дээр есөн жил нэмэгдэж тооцогдоно гэсэн үг ажээ.
УИХ-ын гишүүн С.Чинзориг”Ээжүүд тэтгэвэрт гарахдаа цөөн жил ажилласан байдаг, бас эрт тэтгэвэрт гардаг. Үүнээс хамаараад нийгмийн даатгалын сангаас авах тэтгэврийн хэмжээ маш бага гардаг. Тийм учраас дөрвөн хүүхэд төрүүлсэн бол зургаан жил, зургаан хүүхэд төрүүлж, өсгөсөн бол есөн жил нэмэгдэж, улсад ажилласан жил, нийгмийн даатгалын шимтгэл төлсөн жил өндөр тогтоогдож, цалингаасаа тэтгэвэр бодуулах хувь өндөр тооцогдох юм. Ингэснээр ээжийн авах тэтгэврийн хэмжээ нэмэгдэнэ” хэмээн хэлжээ.
Улсын хэмжээгээр 90 орчим мянган ээж нийгмийн даатгалын шимтгэл төлдөг судалгаа, тооцоо бий. 90 орчим мянган ээжийн 30 хувь нь ажил хөдөлмөр эрхэлдэггүй, ямар нэгэн орлогогүй байдаг. Тийм учраас ямар нэг ажил эрхэлдэггүй ээж төрөөд, хүүхдээ гурван нас хүртэл өөрийн гар дээр өсгөж бойжуулж байгаа бол энэ хугацааны нийгмийн даатгалын шимтгэлийн 50 хувийг төр хариуцан төлдөг байя, 50 хувийг ээж өөрөө төлнө гэсэн зохицуулалт хийжээ.
Мөн ээжүүдийн нэг хэсэг албан журмын даатгалд, нөгөө хэсэг нь сайн дурын даатгалд хамрагддаг. Даатгагдсан хэлбэрээс хамаарч жирэмсний болон амаржсаны тэтгэмжийг албан журмын даатгалд даатгуулсан ээж 100 хувь, сайн дурын даатгалд хамрагдсан нь 75 хувиар авдаг байсан.
“Бидний санаачилсан хуулийн зохицуулалтаар даатгуулсан л бол даатгагдсан хэлбэрээсээ үл хамаараад 100 хувиар жирэмсний болон амаржсаны тэтгэмжээ авдаг байхаар тусгасан” хэмээн УИХ-ын гишүүн С.Чинзориг онцоллоо.
Мөн тус хуульд төрөлт болгонд амаржсаны болон жирэмсний тэтгэмжийг авч байх зохицуулалт хийжээ.

Сэтгэгдэл үлдээх

Leave a Reply

Your email address will not be published.

Confirm that you are not a bot - select a man with raised hand:

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.