“Улаанбаатар төмөр зам-2030” форум Монгол-Оросын хувь нийлүүлсэн талуудын уулзалт өнөөдөр /2017.02.17/ болж байна. Энэ хуралд хувь нийлүүлсэн нийгэмлэгийн хоёр талын төлөөлөл оролцож, 2030 он хүртэл хийгдэх шинэчлэл, хөтөлбөрөө танилцуулж, хэлэлцлээ. Тус нийгэмлэг жилд 20 сая орчим тонн ачаа тээвэрлэж байгаа бол 2030 онд ачаа тээвэрлэлтийн хэмжээг дунджаар 53,6 сая тонн хүргэх зорилт дэвшүүлжээ.

“Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн ОХУ-ын талын Ерөнхий хорооны гишүүн В.Чикиркин “ОХУ-аас Монголоор дамжих транзит тээвэр нь дан ганц Улаанбаатар төмөр замын асуудал биш. ОХУ-ын төмөр замын нийгэмлэгүүд ч гэсэн энэ талаар сонирхож байгаа. Тиймээс бид Улаанбаатар төмөр замаар тээвэрлэх транзит тээврийн хэмжээг хэрхэн нэмэгдүүлэх асуудлыг ирэх гуравдугаар сард болох ерөнхий хорооны хурлаар тодорхой болгоно. Техникийн шинэчлэлийг хийх нь энэ тэргүүний ажил учраас энэ онд бид таван зүтгүүрийг авна. Ирэх онуудад 450 км замын их засвар хийх, сэлгээний галт тэргээр хүч нэмэгдүүлэх зэрэг ажлуудыг “Улаанбаатар төмөр зам”-ын хувь нийлүүлсэн компанийн 2030 он хүртэлх хөтөлбөрт тусгасан” хэмээжээ.

Монгол Улсын хойт хилээс урд хил хүртэлх Орос болон Хятадыг холбосон 1110 км урт гол төмөр зам нь “УБТЗ” хувь нийлүүлэгч нийгэмлэгийн эзэмшилд байдаг бөгөөд уг зам нь европ болон азийг холбосон хамгийн дөт ашигтай төмөр замын коридорт тооцогдож байгаа юм байна. 2030 он хүртэл төмөр замын салбарыг хөгжүүлэхэд 1.5-4.4 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт шаардлагатай гэжээ.

Хөрөнгө оруулалтын эх үүсвэрийн хувьд 50 гаруй хувийг өөрийн хөрөнгөөр үлдсэн бусад эх үүсвэрээр санхүүжүүлэхээр төлөвлөжээ. “УБТЗ”-ийн ХНН-ийн Замын дарга Д.Жигжиднямаа “Улаанбаатар төмөр зам Ази, Европыг холбосон төмөр замын сүлжээний нэг хэсэг. Тиймээс төмөр замын хөгжил, техник, хурд, нэвтрүүлэх чадал, хоёр хөршийн бараа эргэлт, тээврийн хэрэгцээг хангах ёстой. Ирэх жилүүдэд тээврийн хэрэгцээг хангахын тулд тоног төхөөрөмж, хүчин чадлаа нэмэгдүүлэхэд анхаарч ажиллана. Тээврийн гол үр дүн бол ачааны жин. Тиймээс 2030 он гэхэд 33-53 сая орчим тонн ачааг тээвэрлэх, цаашлаад 100 сая тонн хүртэлх ачаа тээвэрлэх зорилготой” гэлээ.

Сэтгэгдэл үлдээх

Leave a Reply

Your email address will not be published.

Confirm that you are not a bot - select a man with raised hand:

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.