УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанд Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Д.Оюунхорол өнөөдөр/2017.02.01/ аялал жуулчлалыг хөгжүүлэх чиглэлээр хэрэгжүүлэх арга хэмжээний талаар мэдээлэл хийлээ.

Аялал жуулчлалыг хөгжүүлэхийн тулд дэд бүтцийг шийдэх шаардлагатай ажээ. Иймээс Хөвсгөл далай хүрэх дэд бүтэц, Хэнтийн аймгийн Дадал сум руу явах дэд бүтэц, Тэрэлж рүү явах дэд бүтцийг шийдэх шаардлагатай гэж үзэж буй юм байна.

Ингэж чадсан нөхцөлд ирсэн жуулчид ая тухтай зорчих боломж бүрдэнэ.

Өнгөрсөн онд Монгол Улсад 404 мянган жуулчин иржээ. Тэднээс 153 мянга нь өмнөд хөршөөс ирсэн жуулчид юм байна.

Мэдээлэлтэй холбогдуулж УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны дарга Д.Тэрбишдагва: Монголд мөнгөтэй аялагч ирж байна уу, үүргэвчтэй жуулчин ирж байна уу. Монголд ирсэн жуулчдын 153 мянга нь Хятад иргэд гэлээ, мөнгөө үлдээгээд явж байгаа бол сайн. Харин жуулчин нэрийн дор орж ирээд хөдөлмөр эрхэлж, визний хугацаагаа хэтрүүлдэг зэрэг янз бүрийн юм дуулддаг тул цаашдаа жуулчны тоо өсөх бололцоо байгаа юу гэдэгт хариулт хүслээ.

Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Д.Оюунхорол: Судалгааг гаргахад Арабаас жуулчин татвал нэг сарын дотор 15 тэрбумыг оруулдаг. Зөвхөн сарын дотор оруулдаг орлого. Тийм учраас Арабаас жуулчин татахад онцгой анхаарах шаардлага байгаа.

УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан: 10 гэр нэг модон жорлон барьчихаад аялал жуулчлалын бааз нэж нэрлэдэг гэлээ. Лицензийг нь 5 жилээр өгдөг нөхцөлд хөрөнгө оруулах боломж байхгүй. Аялал жуулчлалаа хөгжүүлье гэж байгаа бол татварын бодлогоо уян хатан болгохоос гадна иргэний агаарын тээврийн салбарт онцгой анхаарах. Аялал жуулчлалын салбарт хөрөнгө оруулалт хийхэд яаж удаан хугацаанд тогтвортой байх вэ гэдэг эрх зүйн орчинг бий болгох шаардлагатай.

Хөвсгөл 40 мянган жуулчин хүлээн авдаг байтал зам нь тавигдаагүй, эрчим хүч нь шийдэгдээгүй байгаа. Энэ чиглэл рүү төрийн бодлогоо юу хийх вэ?

Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Д.Оюунхорол: Аялал жуулчлалын салбар сүүлийн 25 жил байсан байрандаа бахь байдгаараа байгаа нь төрийн зохицуулалтгүй явж ирсэн учраас хөгжиж чадаагүй. Хувийн хэвшлийн нуруун дээр бүх ачаа явж ирсэн.

Аялал жуулчлалын компаниудаас тавьж ирсэн хүсэлт бол иргэний агаарын тээврийн асуудлаа шийдэж өгөх. Аялал жуулчлалыг боомилж байгаа нэгдүгээр үзүүлэлт энэ.

Дотоодын нислэг хангалтгүй байгаа. Зарим аймгуудад нислэг байхгүй болсон. Төр өрсөлдөөний зарчмаар хувийн хэвшлийг боомилж ирсэн, одоо монофолыг задлах шаардлагатай.

Дэлхийн аялал жуулчлалын байгууллагаас аялахад таатай орнуудын жагсаалтыг гаргахад Монгол Улс эхний аравт буюу долоод орсон. Монголд ирэх жуулчдын тоо өснө гэсэн өөдрөг төсөөлөлтэй байна гэсэн хариулт өгөв.

Эцэст нь Байнгын хорооноос Засгийн газарт хандан чиглэл өгөхөөр боллоо.

Сэтгэгдэл үлдээх

Leave a Reply

Your email address will not be published.

Confirm that you are not a bot - select a man with raised hand:

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.