Он дамнан хүлээлгэсэн ОУВС-гийн шинжээчдийн багийнхан /2017.1.31/ өчигдөр эхнээсээ ирсэн гэх мэдээллийг Сангийн яамнаас өгч байгаа ч мэргэжлийн хүрээнийхэн үгүйсгэж байна. Сангийн сайд Б.Чойжилсүрэнгийн өгч буй мэдээллээр бол шинжээчдийн багийнхан өнөөдөр нэмэгдэж ирэх юм байна. Шинжээчдийн баг гурав хуваагдаж ирж байгаа бөгөөд сүүлчийн баг 2 сарын 5 нд ирэхээр товлогдсон байна.

ОУВС-гийн шинжээчдийн багийнхан өмнө нь манай улсад хоёр удаа ажиллахдаа голлох асуудлуудтай танилцсан байна. Харин энэ удаа “Стэнд хөтөлбөр”-ийг ямар хэлбэрээр манай улсад хэрэгжүүлэх, хичнээн сая ам.долларыг хэдийгээр оруулж ирэх гэхчлэн асуудлаар хэлэлцээр хийх ажээ.

ОУВС нь “Standby credit facility”, “Standby arrangement” гэсэн хоёр төрлийн хөтөлбөр хэрэгжүүлдэг. “Standby credit facility” хөтөлбөр нь бага орлоготой улсуудад олгох нэн хямдралтай зээл, “standby arrangement” нь бага, дунд орлоготой улсуудад олгох стандарт, жирийн зээлийн хөтөлбөр юм.
Өөрөөр хэлбэл, энэ удаа ОУВС-гийн шинжээчид манай улсыг бага орлоготой улсад тооцож, нэн хямдралтай зээл олгох уу эсвэл дунд орлоготой улсуудад олгодог стандарт жирийн зээлийн хөтөлбөртөө хамруулах гэдгийг хэлэлцэрийн хүрээнд шийдэх ажээ.

Сангийн сайд Б.Чойжилсүрэн “Яг хэдий хэмжээний ам.доллар орж ирэхийг одоо хэлэхэд эрт байна” гэсэн юм. Гэвч хэлцэл 400-450 сая ам.долларын хүрээнд өрнөж буй гэдгийг эх сурвалжууд онцолж байна.
Давосын эдийн засгийн чуулга уулзалтын үеэр манай улсыг санхүүгийн хямралд өртөх өндөр эрсдэлтэй улсуудын нэгд жагсаасан. Хямрал тохиох магадлалыг 75.7 хувь гэж тодорхойлсон бөгөөд улс төрийн тогтворгүй байдлын эрсдэлээр манай улсыг хоёрдугаарт эрэмбэлсэн юм. Одоогоос зургаан жилийн өмнө эдийн засгийн өсөлт 17 хувийг зааж байсан бол эдүгээ Азийн хамгийн ядуу долоо улсын нэгээр нэрлэгдэж байна.

Эдийн засгийн өсөлт ингэж урвуу чиглэлтэй болсноор энэ онд ердөө 1.4 хувиар өснө гэсэн таамаглал батлагдаад байгаа юм.

Үүнийг дагаад олон улсын зах зээл дээр Монголын бондууд ихээр зарагдаж, хүү нь 18 хувьд хэлбэлзэж байна. Хөрөнгө оруулагчид Монгол Улсад итгэхээ больж буй ийм эмзэг үед ОУВС-гийн хэлэлцээр амжилттай болж, санхүүжилт хурдан орж ирэх нь нэн чухал байгаа юм.

Засгийн газар тус төлбөрийг барагдуулах гурван арга боловсруулсан гэсэн тайлбар өгч байгаа ч асуудал албан ёсоор эрх баригч намын бүлэг болон УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд яригдаагүй байна.

Сэтгэгдэл үлдээх

Leave a Reply

Your email address will not be published.

Confirm that you are not a bot - select a man with raised hand:

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.