С.Эрдэнэ “Би нэг ч хүнд мөнгө өгөөгүй”

Дөч хоног үргэлжилсэн, АН-ын даргын сонгууль өчигдөр/2017.1.30/ өндөрлөлөө. АН-ын даргын халааг З.Энхболдоос УИХ-ын гишүүн, УИХ дахь АН-ын бүлгийн дарга С.Эрдэнэ ялалт байгуулж хүлээн авлаа.
Энэ талаарх хэвлэлийн бага хурал 12цагт Төрийн ордонд эхлэсэн юм.
Сонгуулийн үеэр С.Эрдэнийн сонгуулийн штабынхан мөнгө тарааж байгаа бичлэг олон нийтийн сүлжээгээр цацагдсан.
Энэ бичлэгийн талаар хэвлэлийн бага хурлын үеэр сэтгүүлчид тодруулахад Дотоод сонгуулийн хорооны дарга Ж.Оюунбаатар “Оройн цагаар гарсан гомдлуудыг авч үзээд дүрмийн дагуу шийднэ” гэж хэвлэлийн хурлын үеэр мэдээлсэн байна.

Намын даргаар сонгогдсон С.Эрдэнэ энэ талаар “Би нэг ч хүнд мөнгө өгөөгүй. Мөнгө тараасан нь батлагдвал намын даргын албан тушаал хашихгүй байж болно. Энэ бол яаж ийгээд албан тушаалд очих гэсэн нэгний увайгүй үйлдэл. Зохион байгуулалттай явуулга. Сонсоод байхад манай намын Эмэгтэйчүүдийн хорооны Гүйцэтгэх зөвлөлд байсан эмэгтэй болон УИХ-ын гишүүн асан Ц.Оюунгэрэл нарын хийсэн зүйл бололтой. Миний нэр төрд халдах гэсэн нотлох баримтын шинжтэй биш гүтгэлэг” гэж байр сууриа илэрхийлжээ.
Намын даргын сонгуулийн ирц 71 хувь байжээ. Нийслэлээс Багахангай дүүргийн ирц хамгийн өндөр буюу 91, аймгуудаас Говьсүмбэр хамгийн өндөр буюу 82 хувьтай оролцжээ. Манай улсын түүхэнд анх удаа намын даргыг бүх гишүүдийн саналаар, онооны системээр тодруулсан байна.

30 аймаг, дүүргийн эцсийн дүн гарахад 12 тойрогт С.Эрдэнэ ялалт байгуулсан бол 15 аймагт хоёрдугаарт, 3 аймагт гурваар гарчээ. Нийт онооны байдлыг үзвэл, С.Эрдэнэ 2495 оноо, Н.Алтанхуяг 1422, Л.Гантөмөр 1171, тус тус авчээ.

Мэдээллийн үеэр АН-ын дарга асан З.Энхболд “Манай нам фракциуддаа дарлуулсан, төрийн эрх мэдэлд орсон нам болсон байсан. Фракцуудаас эмээдэг дарга надаар дуусгавар боллоо. Фракцуудаас гуйж дарга болдог, төрийн эрх мэдлийг хүртэл авчихсан байгаа олигархиуд манай намын эрх мэдэл дотор байсан. Харин одоо намын даргаа гишүүд нь шийддэг болсон.
Өмнөх системээр сонгогдсон сүүлийн дарга би боллоо. Намын жирийн гишүүдээсээ хамгийн олон санал авсан С.Эрдэнэд баяр хүргье. Нэр дэвшигчид сонгуулийн зардлын 1.2 тэрбум төгрөгийг тэнцүү хувааж гаргасан. Нийтдээ 85 мянган гишүүн өвлийн хүйтэн уур амьсгалыг үл харгалзан хөр цаснаар төв сууринд ирж, саналаа өглөө” гэж онцолсон юм.

Намын даргын сонгуульд ялалт байгуулсан УИХ дахь АН-ын бүлгийн дарга С.Эрдэнэ “АН-ын зургадугаар Их хурлаас намын даргыг бүх гишүүдийн санал хураалтаар сонгох шийдвэрт хүрсэн. Энэ дагуу нэр дэвшигчид 21 аймаг, 9 дүүргээр явж, хамтдаа сурталчилгаагаа хийсэн. Биднийг анх сурталчилгаандаа гарахад таван тийшээ салаад алга болно гэх яриа гарч байлаа. Гэхдээ бид эцсийн мөч хүртэл тавуулаа явж, дүнгээ гартал хамтран ажиллалаа.
Цаашдаа намын шинэчлэлийн асуудлаар баг болж ажиллана. Миний хувьд намын бүтцийн шинэчлэлийг яаралтай хийхээс ажлаа эхлүүлнэ. Ерөнхийлөгчийн сонгууль дөхөөд ирчихсэн учраас биднийг их ажил, өндөр хариуцлага хүлээж байна. Намын шинэчлэлийн төлөө хамтдаа өрсөлдөөнд орсон журмын дөрвөн нөхөд, сонгуулийн хорооны хүмүүстээ гүн талархлаа илэрхийлье” гэлээ.

+ There are no comments

Add yours